Цахилгаан автомашины түүхэн хөгжил

Бидний мэдэх цахилгаан автомашины хөгжил 1830-д оноос эхлэлтэй гэж үздэг. Хамгийн анх Шотландын зохион бүтээгч Роберт Андерсон хэмээх эрхэм батарейгаар ажилладаг моторт тэргийг зохион бүтээсэн хэмээн тэмдэглэн үлджээ. Үүний дараа мөн Шотландын зохион бүтээгч Роберт Давидсон анхны “Galvani” хэмээх цахилгаан зүтгүүрт вагоны загварыг 1837 онд туршин, үүнийгээ 1841 онд 6 тонн ачааг 2.4км газар зөөх чадалтай болгон илүү сайжруулан хэрэглээнд нэвтрүүлэх оролдлого хийсэн ч батарей дуусаж шинээр солих шаардлага үүсэхэд уурын хөдөлгүүрээр ажилладаг вагоны ажилчид шинэ цахилгаан хөдөлгүүрийг аюултай хэмээн үзэн “Galvani”-г эсэргүүцэн, эвдсэн байдаг.

1859 онд Францын эрдэмтэн Гастон Планте анхны цэнэглэдэг батарейг зохион бүтээснээр цахилгаан машин бүтээх санаа биелэх боломжтой болсон юм. Шотландын химич Виллиам Моррисон өөрийн судалгаа, туршилтын үр дүнд 1887 онд өөрийн цахилгаан тэрэгний патентыг авах хүсэлтээ өгч, улмаар түүний зохиосон анхны цахилгаан тэрэг нь 1888 онд 4 морины хүчтэй, 32км/ц хүртэл хурдлах боломжтой, нийт 24 ширхэг батарейгаар 80км зайг туулах чадвартай байсан нь тухайн үедээ шинэ ололт байлаа.

Үүний дараахан Хенри Моррис болон Педро Салом нар 1894 онд машин болон завинд батарей ашиглах патентыг авч Электробат нэрээр хэд хэдэн цахилгаан машин үйлдвэрлэн Нью-Йорк хотын морин тэрэгтэй өрсөлдөхүйц цахилгаан таксины эхлэлийг тавьсан юм. Уг цахилгаан такси нь 8км замд бензин тэрэгтэй уралдан түрүүлсэн амжилт хүртэл тогтоосон байдаг.